• Мэдээлэл

  • Соёл урлаг, Спорт

Бусад

Цасны бэлэг

[2013-04-29 11:59:31]

"Утгын чимэг-2013" богино өгүүллэгийн наадмын шилдгүүд уржигдар буюу энэ сарын 25-ны өдөр тодорлоо. 17 дахь жилдээ зохиогдож буй эл наадмын хоёрдугаар шатанд 15 өгүүллэг шалгараад байсан юм. Харин  уралдааны сүүлийн шүүлтээр Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовын "Цасны бэлэг" өгүүллэг тэргүүн байрт шалгарав. Тэрээр мөн 2008 онд "Сүнсэнд шингэсэн гэмшил" өгүүллэгээрээ "Утгын чимэг" наадамд тэргүүн шагнал авч байсан юм. "Утгын чимэг-2013" наадмын хоёрдугаар байрт Ц.Буянзаяагийн "Жаргаж буй нарны туурь", гуравдугаар байрт Ж.Сарантуяагийн "Бүүвэй", дөрөвдүгээр байрт Б.Золбаярын "Цэнхэрийн голын ус", тавдугаар байрт Ц.Түмэнбаярын "Монгол гутал" зэрэг өгүүллэгүүд тус тус шалгарчээ. Ингээд энэ жилийн "Утгын чимэг" наадмын тэргүүн байрт шалгарсан Ц.Доржготовын "Цасны бэлэг" өгүүллэгийг толилуулж байна.

Анхны цас намар эрт дар­чихав. Шал ногооноороо ха­луун сөлөн дээр унасан нам­рын сэвсгэр цас дорхноо хайлж, газраас ялимгүй явган уур савсана. Халуун зунаа­раа дан даавуу бүрээстэй тарвалзаж байсан айлууд анхны цасанд цочирдон даарч, гал өрдөж, зууханд дүүгэх гал зунжин хургасан бам чийгийг хөөж, гэр дотор нилэнхүйдээ бүлээсэж, сай­хан үнэр ханхлах нь таатай. Ялангуяа зуухны хоймор тул­ганд гал түлсэн нь бүр ч гоё. Нүцгэн шалдан хүүхдүүд тул­ганд дүрэлзэх ил гал сонир­хон тойрч,  шатаж буй модны пис пасхийн ийш тийш үсрэх очноос айх атлаа хөхрөлдөж хөгжинө. Анхны цасанд чи­хүүцсэн үнээ тугал гадаа хуйсганан мөөрөлдөж, зэ­лэнд гүү унага янцгааж, хараа хандлага нь уул өөд тэмүүлэх нь өвөлжөө өөдөө нүүхийг сануулна. Нүүхэд ачилга унал­га, тэрэг чарга, хом тат­лага бэлэн билүү гэсэн бодол намаржин найрласан хүн бүрийн толгойд зурсхийлгэ­дэг дохио бол аргагүй анхны цас билээ. "Энэ чинь юусан билээ. Дандаа ингээд зунаа­раа найрлаад суухгүй сан биш билүү" гэж зун намрын нь согтуу сайн гараагүй за­рим нэг эр гайхна. Чимээтэй еэ шуугин исч, амаараа сагах хөхүүртэй айраг хоормог гэ­рийн тал хаяа дүүрэн хөглөр­нө. Бүгдийг ачаад нүүх арга­гүй. Хайран цагаан идээгээ асгалтай нь биш яадаг билээ. Хар модон тэргээ эр үхэрт хөллөөд өвөлжөөлөхөөр уул өөд зүтгүүлдэг тул гэр бараа­гаа аль болохоор хөнгөлө­хийг хичээнэ. Гэрийн мод, авдар сав юухан хээхэн бүгд нүүхэд зориулагдсан хөнгө­хөн, геологчдын эд хэрэгсэл шиг авсаархан. Эртний мон­гол­чууд нүсэр том гэрт дурлаж байсангүй. Харин сайхан нутагт таван хушуу малаа жаргаах дуртай байжээ.  

Гашууны голын адаг Ус тардагт намаржиж буй хот айлын хэдэн тос дааж айраг ханхалсан хүрэн бор эрс нүү­хийн өмнө айраг хоормогоо хэрхэн барж, ачаагаа хэрхэн хөнгөлөх талаар ухаан гүйл­гээд олигтой арга олсонгүй. Зунжингаа архидсан Жунай гэгч бүлцэн хаван нүүртэй ахимаг эр нөхдөө их л голсон янзтай тойруулан хараад,

-Үүнд чинь бодоод байх юу байсымбэ гэж уцаарлан том нударгаар нүүрээ таглан гэдрэг харж хэвтсэнээ, -Надад бол нэг сайхан арга байна гэлээ.

-Ямар арга? Хэлээч! гэхэд тэр бээр өндийж, өчигдрийн уусандаа хэд хий огиулснаа арай гэж уужраад,

-Аргасаад байх юм үүнд чинь байхгүй, мэдэв үү? Та нарын нэг нь одоохон мор­дож давхиад Долооны го­лынхны нэг айлд ороод цас­ны бэлэг сэм хаячих! гэснээ өөрийнхөө саналыг нөхөд нь ойшааж байна уу, үгүй юү гэж шалгаж, хүн бүрийн нүүрийг дэс дараалан удаан судлаад, сая ам нээж, -Цасны бэлгийг хаяхдаа их учиртай хаяна. Хаяж амжвал аль болохоор гэмгүй царайлан гэрээс гарч мориндоо мордуут тэр хот айлынханд сонсогдохоор "Танайханд цасны бэлэг хая­сан шүү" гэж хашгираад наа­шаа зугтаачих. Цаадуул чинь араас чинь хөөнө. Харин олигтойхон морьтой яваарай. Баригдвал баларна шүү. Тэ­гээд хоёр голоороо цасны бэлгийн өргөн дэлгэр найр хийгээд айраг архиа хотлоо­роо шавхчихъя. Ингэсэн нь хайран цагаан идээгээ асгас­наас хавьгүй дээр гэж өөрийн­хөө мэргэн саналд өөрөө түрүүлж урамшаад марсайт­лаа инээв. Жунайн саналыг найр наадамд дуртай сагуу Самдан уухайн тас дэмжиж,

-Ерөөсөө тэгье. Харин цасны бэлгээ хэн явж хаях вэ? Явах хүн миний хурдан хээ­рийг унаад яв гэж онголзов. Ярианы төгсгөлд ямагт гүнз­гий дүгнэлт хийдэг Лувсан сайд янцгалангаа,

-Чиний хурдан хээрээр очиж болохгүй. Анхны цас орсны маргааш хурдан морь хөлөглөн очиход тэднийхэн цасны бэлэг авчирлаа гэж сэжиг авна. Аль болохоор гэнэгүй очих хэрэгтэй гэв. Цагаан соруулаа амнаасаа ер салгадаггүй суумал Ёндон,

-Их л хашир үзэхгүй бол горьгүй. Баригдвал баларна гэж зөвлөв.

Хар авахуулахгүйн тулд донгио Санзайг Долооны голынхонд цасны бэлэг хаяу­лахаар томилов. Гашууны голынхон өөрсдийгөө цасны бэлгийн найранд хичнээн хөхүүр айраг архи, хичнээн шүүс, боов, хичнээн бяслаг өрөм тэргүүтэн бэлтгэж ча­дахаа амны зоргоор баярхан жагсааж бичсэн "цасны бэлэг" хэмээх эвхсэн цаас ийнхүү бэлэн болов.

Санзай муухан дээл хув­цас өмсөөд, мал эрж ядарч яваа дүрээр Долооны гол орж, сайн таньдаг айлдаа элэг барин буув. Санзай баригд­вал Долооныхонд тоглоом шоглоомоор алуулна гэж их айж явлаа. Аз дайрахад эрчүүд нь эзгүй, хоёр гурван хүүхэн нийлж, өвлөөс өрсөж, үйл оёж суусанд Санзай ол­зуурхаж, "Энэ муусайн хүүх­нүүдэд бол би эр бар юм чинь, цасныхаа бэлгийг зар­лаж байгаад ил хаячаад ява­хад яадаг юм бэ. Энэ муусайн хүүхнүүд над руу дайрвал нэгий нь нөгөөгөөр гуядаж, сарвайтал нь унагачаад ари­лаад өгч би өлхөн чадах юм чинь" гэсэн эр хүний сагсуу зан дотроос нь огшоод ир­жээ. Адуу мал сураглавал хүүхнүүд нэг л тоосон шинж­гүй. Тэгсэн атлаа цөм Сан­зайн гарын хөдөлгөөн бүх­нийг сэжиглэсэн харцаар ээрүүлдэнэ. Санзай "эмсийн овжин нүд гэмтэй" гээд дотроо их л хашир үзэхээр банжиж суув. Гэвч хүүхнүүдийн хөөр­хөн ч гэмээр гэнэн хардлагад хань ижилгүй яваа Санзайн хөх инээд хүрч золтой л "цас­ны бэлэг" гээд ам алдчих­сангүй. Юутай ч гэсэн нэг удаа биеэ барив.

Санзай айраг ууж байсан хулныхаа ёроол дор цасны бэлэг болох эвхээстэй жижиг цаасаа сэм хийгээд хулаа ширээн дээр тавьтал гэрийн эзэгтэй бүдүүн Цэрмаа,

-Энэ муу ер нь цасны бэлэг хаячихав уу, яав? гээд хул руу ухасхийв.

Санзайг зугтах гэж суу­далдаа оцгонож байх зуур нөгөө хоёр хүүхэн аль хэ­дийнэ хаалгаа алдлаад зогсчээ. Цэрмаа хулан дор нуусан цасны бэлгийг олж авч үзээд гэр доргитол хөхөрснөө уншиж гарав. "Цасны бэлэг"-т юу юу амлаж вэ гэдгийг хүүхнүүд овтон чагнах агшныг Санзай далимдуулан үүдэнд хориглосон хоёр хүүхний дундуур тас дайрч гарахаар ухасхийн зүтгэсэн боловч үүд алдалсан хоёр хүүхэн муу Санзайг түвэггүй дараад авав. Санзай айлын үүдэн хооронд хөл гараа сар­вал­зуулан байдаг чадлаараа тоос шороо манарган эсэр­гүүцээд дийлсэнгүй. Хүүхнүү­дэд нухуулж буйгаа эр улс харчих вий гэж ичихдээ өөрөөс гарамгүй тэнхээгээр үзэлцэв.

Цэрмаа цасны бэлэгт бичсэн хичнээн хөхүүр айраг архи, хичнээн иргийн шүүс цохсоныг уншиж дуусаад Санзайг сэв хийтэл өргөөд аргалын дөрвөлждөө чихчи­хэв. Өмгөр дөрвөлжид урилга­гүй зочноо арай чамай багт­магц бас болоогүй дээрээс нь өөрөө сандайлчихлаа. Сан­зай битүү дөрвөлж дотор бүдүүн Цэрмаагийн бөгсөн дор бүтэж үхэх шахав. Тэр бээр тэсэлгүй муухай орилсон боловч амь гуйсангүй. Хүүх­нүүд юм чинь яаж ч бас амь гуйхав гэж нэрэлхжээ. Түүний амьсгаа боогдож, чих нь шуугьж эхэлсэн ба дүлийрч буй сонсголд нь хүүхнүүд түүнийг цааш яаж дамшиглах талаараа ярилцаж буйг хагас хугас сонсов.

Эхлээд аарцны шар ус гурван хул, дараа нь айраг гурван хул, архи гурван буут өгч бөөлжүүлэхээр ярьж бай­на. Эцэст нь буханд буруу харуулж мордуулаад Гашуу­ны голынхонд аваачиж ту­шаа­хаар боллоо. Санзай уурандаа муу аргалын авд­рыг нь зад тийрье гээд чад­лаараа тэлчлэх гэсэн боловч давчхан авдарт хамаг бие нь хумигдаад хөдөлж чадсан­гүй. Тэр бээр хүүхнүүдэд шаралхаж,

-За гайгүй ээ, та нар сайхан мэдээрэй. Би муу ч гэсэн эрийн хугархай шүү. Та муу гурваас Санзай хүү хариу­гаа чангахан авна гээд саначих! гэхэд нугасгүй шар хочтой годгонож гэдгэнэсэн аальгүй хүүхэн,

-Чи хариугаа чангахан авахдаа яаж авдаг эр вэ? гэж басамжлав.

-Чамай мууг бол би хөл гарын чинь хорин хурууг нэгэн зэрэг сарвайлгана гэж Санзай аргалын дөрвөлж дотроос хашгирлаа.

-Чаддагийн бол чи намайг одоо сарвайлга л даа гээд уян налархай нөгөө бүсгүй бүр ч эгдүүтэй аальгүйтэв.

-Сарвайлгана даа чамай мууг! гээд Санзай аргалын битүү авдар дотроос уухил­лаа.

Хэд хоногийн дараа хурц өнгийн торгон дээл намрын шар наранд гялбалзуулж, мөнгөн эмээл жороо мориор гангарсан эр эм найрчид Таван Сахьяа хэмээх бор толгодын баруун зүүн мөрөн дээгүүр даван Гашууны гол руу цутгалаа. Найрчдыг айраг архи мах шүүс өрөм бяслаг боов чихэр ачсан морь тэмээн тэрэг дагалджээ. Цас­ны бэлгийн найр хийж, өвөл­жөөлөх нүүдлийн ачаагаа хөнгөлөх гэж хоёр голоороо цугларсанд хөгшин залуугүй баяртай байв. Ийм элбэг дэл­бэг нутаг өлсгөлөн гэдгийг түүхэндээ үзээгүй нь бахар­халтай.

Зэрэгцээ хоёр голын ахан дүүсийн найр ёс жудагтай сайхан болж, "өндөр хангай" дуугаар өндөрлөв. Ийнхүү хөхүүрийн ам цаашаа хүйт­ний ам наашаа болж, ирэх зун намар хүртэл олон сар архи айраггүй ажлын улирал эхлэнэ. Мал маллах цаг нар­гүй ажлын завсар чөлөөнд цасны бэлэг хэмээх найрыг жилд нэг удаа малчид өөрс­дөө дотроосоо зохиодог сай­хан цэнгүүн байсан юм шүү. Анхны цасыг анхны цас л гэнэ.

Хоёр дахь цасыг анхны цас гэхгүй. Айраг цагаагаа шавхаж, ачаа тээшээ хөнгөл­дөг цасны бэлгийн найр жилд мөн нэг л удаа болно. Хоёр дахь удаа болохгүй. Нүү­дэлчин монгол ахуй гэж ийм л амьдрал байлаа даа.

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах