• Мэдээлэл

  • Орон нутаг

Бусад

Увс аймгийн ИТХ-ын ажлын алба ОХУ-ын Тува улсад айлчиллаа

[2014-06-06 16:29:51]

Увс аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олон Тува улсын Дээд хурлын дарга Кан-Оол Тимурович Даваагийн урилгаар 05 сарын 21-24-ний өдрүүдэд Кызыл хотод хоёр талын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд туршлага солилцох албан ёсны айлчлал хийлээ.

 Айлчлалыг Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Б.Оюунбат ахлаж, бүрэлдэхүүнд нь Улаангом сумын ИТХ-ын дарга Б.Жавхлантөгс, ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Баяртсайхан, Н.Энхжаргал, мэргэжилтэн Д.Энхцэцэг, Г.Тунгалаг, Н.Төгөлдөр, Ц.Ариунзаяа, Ц.Бямбаханд, жолооч З.Барсүрэн нар оролцлоо.

Гурван өдөр үргэлжилсэн уг айлчлал шахуу хөтөлбөртэй байсан хэдий ч маш үр дүнтэй болж өнгөрлөө. Айлчлалын эхний өдөр Тува улсын Дээд хурлын ажлын албаны дарга Ондар Омак Владимирович Увс аймгаас ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны үр дүнгийн талаар харилцан саналаа илэрхийлж, цаашид харилцаа холбоогоо улам баяжуулан өргөжүүлэхтэй холбоотой тодорхой санал дэвшүүллээ.

Дараа нь хоёр талын ажлын албаныхан хуралдааны гол танхимд Дээд хурлын үйл ажиллагаатай танилцах ажил хэргийн ярилцлага хийснийг Тува улсын Дээд хурлын ажлын албаны даргын орлогч Кошкендей Владислав Шактарович, хурлын даргын 1-р туслах Успун Мадыр Иргитович нар хөтлөн явуулав.

Уулзалтын үеэр Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Оюунбат хэлэхдээ: Бид олон жилийн харилцааны туршлага түүхтэй, ижил ёс заншилтай ард түмэн. Тиймээс бид эв найрамдалтай байж, харилцан туршлага солилцож, цаашдын харилцаа холбоогоо бүх салбарт улам анхаарч хөгжүүлэх ёстойг тэмдэглэв. Мөн үеэр Монголын Нутгийн Удирдлагын Холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Су.Батболдын гарын үсэгтэй хамтарч ажиллах санал бүхий илгээмжийг Дээд хурлын ажлын албаны дарга Омак Ондарт, Увс аймаг болон Тува улсын хоорондын харилцаа хамтын ажиллагаанд оруулж буй үнэтэй хувь нэмрийг үнэлэн Дээд хурлын ажлын албаны дарга Омак Ондар, орлогч дарга Владислав Кошкендей нарыг Монголын Нутгийн Удирдлагын Холбооны дээд шагнал “Соёмбо медаль”-аар, Дээд хурлын даргын 1-р туслах Мадыр Успун, мэргэжилтэн Ираида Монгуш, Аяна Соян нарыг “Увс аймгийн хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнасаныг гардуулан өглөө.

Тувагийн дээд хурлаас Монголын Нутгийн Удирдлагын Холбоонд талархал дэвшүүлэн, ажил хэргийн холбоо тогтоож, хамтран ажиллах саналаа илэрхийлж илгээлт явуулав.

Айлчлалын үеэр Тувагийн Соёлын төв, Үндэсний төв музей, аялал жуулчлалын “Алтанбулаг” цогцолбор, боулингийн төв зэрэг соёл урлаг, спорт аялал жуулчлалын байгууллагууд болон, “Эдем” хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, “Тыва-Экспо 2014”  үзэсгэлэн яармаг үзэж сонирхлоо.

Увс аймгийн ИТХ ба Тува улсын Дээд хурлын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2013-2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хийсэн энэ удаагийн айлчлал хоёр улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, ажлын албаны мэргэжил нэгт нөхдийг илүү ойр дотно хамтран ажиллахад нөлөөлөх чухал үр дүнтэй болж өндөрлөлөө.

 

 

Бичсэн: Цэвээн Ариунзаяа

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах