• Мэдээлэл

  • Орон нутаг

Бусад

Б.Сандагсүрэн: Төлөөлөгчид маань идэвхтэй оролцож байгаад бид талархаж байна

[2014-03-27 19:07:49]

Энэ сарын 20-ноос манай аймагт эхэлсэн аймаг, сумдын төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтын сүүлийн ээлж маргааш дуусна. Гурван ээлжээр явагдсан уг сургалтын хичээлийг Улаанбаатар хотод сургалтанд хамрагдсан мэргэшсэн, чадварлаг багш нар зааж байгаа. Тэднээс сургалтын ирц, явц, үр дүн, ач холбогдолын талаар асууж сонирхлоо.

 

 

Б.Сандагсүрэн – “Ногоон алт” төслийн Ховд аймаг дахь зохицуулагч, сургагч багш

- Сайн байна уу? Таны хувьд ямар хичээл зааж байгаа вэ, төлөөлөгчдийн идэвхи хэр байна?

- Миний хувьд Увс аймгийн ИТХ болон бүх сумдын төлөөлөгч нарт “Байгаль орчин ногоон хөгжил”, “Хүний эрх, жендэр” гэсэн сэдвүүдээр нийт 6 цагийн хичээл зааж байна. Төлөөлөгчид маань сурч мэдье гэсэн зүтгэлтэй, оролцоо сайтай байгаад нь бид их талархаж байна. Зааж байгаа хичээлийн хувьд ч гэсэн байгаль орчин, ногоон хөгжил гээд сонирхолтой, анхаарал татсан, бидний өмнө тулгамдсан сэдэв байгаа.

- Байгаль орчин, ногоон хөгжил гэхээр хүмүүс сайн мэддэг юм шиг хэрнээ мэдлэг хомс байдаг л даа. Энэ сургалтанд хамрагдсанаар төлөөлөгчид яг юу олж авах вэ?

- Үнэн л дээ. Энэ сэдэв иргэдэд их ойр. Гэхдээ анхаарах хэд хэдэн зүйлийг тэр бүр мэддэггүй л дээ. Жишээ нь эко систем гэж юу вэ, зүй зохистой нэгдлийг хангахын тулд хэн яаж нөлөөлөх юм, хэний оролцоо чухал байх вэ гэх мэт. Хамгийн гол нь сумын ИТХ бодлого шийдвэр гаргахдаа энэ чиглэлээр маш сайн анхаарч ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Төлөөлөгчид маань орон нутагт болж байгаа жишээнүүдийг их ярьж байсан. Үүн дээр анхаарах асуудал, бас авах зүйл ч байна. Тиймээс энэ хүмүүсийн гаргаж байгаа саналуудыг нэгтгээд бид цааш нь төсөл хэрэгжүүлж байгаа холбогдох газарт уламжлах болно. Сургалтын дараа төслийн зүгээс Баруун бүсийн зөвлөгөөн хийх байх. Энэ зөвлөгөөн дээр Увсынхан идэвхтэй оролцож, санал бодлоо хүргэвэл  хууль тогтоол гаргахад нөлөөлөх боломжтой юм л даа. Увс аймгийн хувьд Байгаль орчны тал дээр бусад аймгаас ялгарах гол онцлог гэвэл сумдад Байгаль орчин, хамгаалалын чиглэлээр  нөхөрлөл их ажиллаж байна. Энэ нь үр дүнгээ сайн өгч байгааг төлөөлөгчид ярьж байсан.

- Засгийн газраас Байгаль орчны чиглэлээр барьж байгаа бодлого таны хичээлд хэр тусгагдсан бэ?

- Ер нь Монгол улс ногоон хөгжилөө хангах ёстой, байгаль орчингүйгээр цааш нь хөгжихгүй юм байна гэдгийг ойлгочихсон. Тогтвортой хөгжихийн тулд мөнгөний бодлогоос гадна байгаль орчны бодлого чухал юм байна гэдгийг олж хараад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Яам хүртэл нэрээ өөрчилж, байгаль орчин, ногоон хөгжил болсон. Тиймээс бид цаашид ногоон хөгжлийг дэмжиж, хаана хаана анхаарч ажиллах юм. Сургалтын дараа нутагтаа очоод энэ чиглэлээр идэвхтэй ажиллана гэж төлөөлөгчид ярьж байна. Энэ бол бидний сургалтын үр дүнгийн эхлэл гэж би ойлгож байна.

Н.Энхжаргал – Аймгийн ИТХ-ын ахлах мэргэжилтэн, сургагч багш

- Энэ сургалтаар та ямар хичээл, хэдэн цагаар зааж байгаа вэ?

- “Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага” 6 цаг, мөн “Авлигаас урьдчилан сэргийлэх” гэдэг хичээл 2 цаг нийтдээ өдөрт 8 цагийн хичээл зааж байгаа.

- Хичээл заахад хэр хүндрэлтэй байв, төлөөлөгчдийн идэвхи хэр байна?

- Хичээл заахад хүндрэлтэй зүйл бага, ирц хангалттай байна. Төлөөлөгчид маань ч их идэвхтэй оролцож байгаа. Төсвийн хичээл бол сонирхолтой, анхаарал татсан сэдэв. Орон нутгийн хэмжээнд тулгамдсан асуудлыг хэлэлцэж баталдаг гэдэг утгаараа хүндрэл бэрхшээл их байна. Энэ хичээлээр бид төсвийн тухай хуулиар олгогдсон боломж бололцоо юу байна, бүрэн эрхээ яаж эдлэх ёстой юм бэ, хуулийн хэрэгжилт бодит байдал дээр ямар байгаа юм гэдгийг харилцан ярилцсан. Зарим сумын төлөөлөгчид олон жил сонгогдсон болохоор тодорхой хэмжээний туршлагатай. Урьд өмнө нь төсвийг ингэж баталж байсан, одоо ийм байна гэдгийг мэдэж байгаа. Харин шинээр сонгогдсон төлөөлөгчдийн хувьд төсөв батлах боловсруулах, хэрэгжилтэнд нь хяналт тавих асуудлыг төдийлөн сайн мэддэггүй. Энийг төлөөлөгчид маань мэдэж авснаараа энэ сургалт чухал ач холбогдолтой. Ер нь орон нутгийн хөгжлийн сантай холбоотой асуудлыг сумууд хуулийн хүрээнд шийдээд явж байна. Иргэдийн оролцоо гэдгийг нэлээн сайн анхаарч, асуудлыг дүгнэж, шийдэж чадаж байгаа гэсэн ерөнхий дүгнэлтүүд хийгдсэн байгаа.

- Энэ Засгийн газрын хийсэн чухал ажлын нэг бол төсвийг бүрдүүлэхдээ орон нутаг өөрөө орлого зарлагаа батална гэж байгаа. Үүнийг сумууд хэр сайн хэрэгжүүлж байна вэ?

- Төсвийн тухай хуулиар орон нутагт олгогдсон ганц эрх нь бол орлого зарлагаа батлах, тусгай зориулалтын шилжүүлэг болон санхүүгийн дэмжлэг тодорхой хэмжээгээр авах юм. Гэхдээ хамгийн гол нь сумууд орлогын эх үүсвэрээ тодорхойлох хэрэгтэй. Гэтэл орлого төвлөрүүлэхэд хүндрэл бас байгаа тухай төлөөлөгчид ярьж байна л даа. Уул уурхай, ашиг малтмалтай сумын орлого тодорхой хэмжээгээр төвлөрдөг бол харин ямар нэгэн орлогын эх үүсвэргүй сум нь орлогоо тийм болгож өсгөөд, зарлагаа тэгнэ гэж тодорхойлох боломжгүй гэж байна.

- Сургалтын дараа ямар үр дүн гараасай гэж хүсч байна вэ?

- Мэдээж энэ жилийн төсөв батлагдаад явчихсан. Ирэх жилдээ ч юм уу төсвийн тодотгол хийхдээ орлого зарлагаа зөв тодорхойлж, давсан орлого, санхүүгийн дансны үлдэгдлээ зөв зохистой зарцуулж, орон нутгийн хөгжлийн хөрөнгө, төсвийн хувиарлалтыг хуулийн дагуу хийж ажиллаасай л гэж хүсэх байна даа.

Д.Тогтох – “Сайн тус ТББ”-ын тэргүүн, сургагч багш              

- Тогтох багшийн хувьд “Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах нь” сэдвээр хичээл зааж байгаа. Энэ хичээлийн үр өгөөж юу вэ?

-  Энэ хичээлээс төлөөлөгчид маань хамгийн гол нь шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоо хангагдах эрх зүйн үндэс нь хаана байдаг юм, яавал иргэдийн оролцоог илүү болгох вэ, оролцооны давуу болон сул тал юу юм, иргэдийг оролцуулж байгаа арга зам, хэлбэрүүд ямар байдгийг ойлгохоос гадна шинэ санаа сэдэл олж, хоорондоо туршлага хуваалцах боломжтой юм. За тэгээд оролцооны давуу болон сул талыг ойлгосноороо, сул талыг яаж арилгах вэ, оролцоог илүү оновчтой болгохын тулд бид яах ёстой вэ, иргэдийн оролцоог зохион байгуулалттай хэлбэр лүү яаж оруулбал зохистой вэ гэдгийг мэдэж авч байна. Ингэснээрээ тэд цаашид эрх нь хөндөгдөж байгаа ямар нэгэн асуудал, үйл ажиллагаанд оролцогч талуудын харьцаа барьж, хамтарч ажиллах тал дээр илүү анхаарлаа төвлөрүүлэх байх аа гэж найдаж байгаа. 

- Сургалтын явцыг харж байхад та багаар, дадлагаар их ажиллуулж байсан. Ер нь төлөөлөгчид маань иргэдийн оролцооны талаар хэр ойлголттой байна вэ?

- Хийж байгаа ажилбаруудаас харж байхад зарим нь иргэдийн оролцоо гэдгийг аль ч түвшиндөө ирцийн хэмжээнд ойлгоод байна. Жишээлбэл бид 100 хувийн саналаар энэ ажлыг хийгээд 120-иод хүн оролцсон. Энэ шийдвэр бүх хүмүүст маш их таалагдсан гээд л. Хэрвээ энэ өнцгөөс нь харах юм бол үнэхээр олон хүний санаа бодлыг тусгаад, тэр ажилдаа хүмүүсийг төлөвлөж, шийдвэр гаргаж, оролцуулахдаа эргээд үр дүнг нь олон хүн хүртдэг гэдгийг ойлгосон зүйлүүд байна л даа. Гэхдээ энэ сургалт маань хамгийн гол нь онолын мэдлэг олгохоос илүү  тухайн орон нутагт хэрэгжиж байгаа үйл ажиллагаанд оролцоо хэр хангагдаж байгаа юм, санал асуулгыг ямар арга хэлбэрээр аваад байгаа юм, хуулийн дагуу байна уу, гүй юу гэдгийг туршиж, судлахад нэмэртэй болсон болов уу гэж бодож байна.

- Сургалтанд хамрагдаж байгаа төлөөлөгчид нутагтаа очоод яаж ажиллаасай гэж та бодож байна вэ?

- Төлөөлөгчдийн энэ сургалтаас олж авсан хамгийн гол зүйл нь миний оролцоо бол хувь хүн гэхээсээ илүү иргэдийг төлөөлж байгаа шүү гэдгээ сайн ухамсарласан, дээр нь аливаа асуудалд нийтийн эрх ашгийн үүднээс хандах ёстой гэсэн ойлголтыг нэлээн сайн авсан болов уу гэж би бодож байгаа. Мөн бусад зэргэлдээ сум, багт ямар үйл ажиллагаа явагдаад байгааг харилцан мэдээлэл солилцож, богинохон хугацаанд ч болов туршлага солилцох боломжийг олгосон байх. Тэгээд эндээс олж авсан энэ бүх мэдлэгээ тухайн хүн хэрэгжүүлэх л үлдэж байгаа юм. Ер нь дараа дараагийн сургалт болоход төлөөлөгчид энэ сургалтаас олж авсан мэдлэгээ ашиглаад ямар үйл ажиллагаа зохион байгуулав, ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг бидэнд тайлагнаж, эргэх холбоотой ажиллавал илүү үр дүнтэй юм шүү дээ.

 

 

Бусад

  • Хамгийн сүүлд

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Тайлан

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

Сумдууд

Утасны жагсаалт

Иргэний танхим

.....

Та аймгийн ИТХ-ын ажлыг үнэлнэ үү

Үр дүнг харуулах